Ямааны гулууз үнэгүй тарааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-13 17:12:51

Увс аймгийн Улаангом сумын 12 багийн амьдралын боломж тааруу 368 өрхөд ямааны гулууз үнэгүй тарааж байна.

Турк улсын “Хасанэ” ТББ-ын зүгээс Увс аймгийн Тариалан сумын амьдралын боломж тааруу иргэдэд жил бүр тусламж үзүүлдэг байна. Энэ жилээс Улаангом суманд олгох болсонтой холбогдуулан үнэгүй ямааны гулууз авах сонирхолтой иргэд олноор очиж, дараалал үүсгэсэн аж. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан эд материал, бараа таваар үнэгүй тарааж байна хэмээн зарим иргэдийн зүгээс хардаж байгаагаа ч нуугаагүй юм.

Гэвч тус ТББ-ын зүгээс “Исламын баяр болж байгаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа ядуу буурай ард иргэдэд хандив тусламж олгож байгаа. Ер нь бол энэ тусламжийг Тариалан сумын ард иргэдэд жил бүр олгож ирсэн. Энэ жилээс хүрээгээ тэлж Улаангом сумын амьдралын боломж тааруу ард иргэдэд олгож байна. Улс төрийн ямар ч зорилго агуулаагүй цэвэр буяны ажил. Энэ жилийн тухайд сонгуулийн жил таарчихлаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үүнээс гадна “Хасанэ” ТББ-ын зүгээс Увс аймгийн 50 өнчин хүүхдийг хувцаслахаар болсон байна. Тусламжид хамрагдаж байгаа Улаангом сумын 368 өрхийн нэрсийг 12 багийн Засаг дарга гаргаж өгсөн байна.

Увс аймгийн Тариалан суманд исламын шашинтнууд олноор амьдардаг юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース