ДУНДГОВЬ: Жуулчны баазуудын стандартын хэрэгжилтийн байдалд хяналт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Стандарт хэмжил зүйн газар, БОАЖГ-тай
хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр баазуудад
холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт хийжээ.
Хяналт шалгалтад Өлзийт, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрцогт
сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 13 жуулчны бааз, 10 гэр баазыг
хамруулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох
жил” болгон зарласантай холбогдуулан Стандартчилал, техникийн зохицуулалт,
тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай
хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг тодорхойлох,
илэрсэн зөрчлийг арилгуулах нь энэхүү хяналт, шалгалтын зорилго ажээ.
Үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудлуудын
хувьд байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, тухайн жилийн
байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, тохирлын гэрчилгээгүй үйл ажиллагаа
явуулсан зэрэг зөрчил нийтлэг байгааг Стандарт хэмжил зүйн газраас тодотголоо.
Зөрчлийг арилгуулахаар санал дүгнэлт гарган заавар
зөвлөмж өгч, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан
шаардлага хүргүүлж, цаашид тохирлын үнэлгээнд хамруулахаар болжээ.
Аялагчид, жуулчдад эрүүл, аюулгүй тав тухтай орчинд тэдний сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд амтралтын газар, жуулчны баазууд нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль, “Хог хаягдлын тухай” хууль, “Хүнсний тухай” хууль, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд “Амралтын газар, жуулчны баазад тавих ерөнхий шаардлага-MNS 6043: 2019”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага-MNS 4990: 2015” стандартыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.