БАЯНХОНГОР: Баяр наадам энэ сарын 9-нд азарганы уралдаанаар эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд "Аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Улс, орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ" гэж заасан. Энэ хүрээнд Баянхонгор аймаг баяр наадмаа энэ сарын 9, 10, 11-нд тэмдэглэнэ.
Энэ жил 100 жилийн тэгш ой нь тохиож буй Баянхонгор аймгийн таван сумын баяр наадмын товыг аймгийн Засаг даргын захирамжаар тогтоогоод байна.
Тодруулбал,
-Баян-Өндөр сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21
-Бөмбөгөр, Эрдэнэцогт, Галуут сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 21, 22, 23
-Хүрээмарал сумын 100 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 28, 29, 30
-Бусад сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтжээ.