ӨВӨРХАНГАЙ: Аялал жуулчлалын бүс нутаг үер усны аюултай нөхцөлд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-13 14:24:27

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын бүс нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас зам гүүр эвдэрч, Орхон, Онги голын усны түвшин эрс нэмэгдэн аюултай нөхцөлд хүрээд байна.

7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд нийт нутгийг хамран их хэмжээний бороо орсны улмаас голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-126 см-ээр эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 26 см-ээр давж үерлээд байгаа юм.




Бат-Өлзий суманд өчигдөр орой 18 цагийн үед үер бууж, зам, гүүр эвдрэн аялал зугаалгаар явж буй иргэд усанд боогдоод байна. Мөн инженерийн дэд бүтэц бүхий газруудад ангал үүсч, айл өрхүүд усанд автжээ. Сумын Онцгой комиссийн алба хаагчид экскаватор, ковш, унгалдай зэрэг техник хэрэгсэлтэй ажиллан 15 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалаад байна.


Тэрчлэн Улаанбаатар – Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 замд, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн урд тойргийн замын зорчих хэсэгт үерийн ус давж, шороо чулуу урсаж ирснийг цэвэрлэх ажил хийгдэж байгаа аж.

Иймд Улаан цутгалантын хүрхрээ, Найман нуурыг чиглэсэн аялал жуулчлалын замаар зорчихгүй байх, замд яваа иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Онцгой комиссоос сэрэмжлүүлээд байна. 

関連ニュース