ХЭНТИЙ: Цэнгэлдэх хүрээлэнгээ бүрэн шинэчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтийнхэн 100 жилийн ойдоо зориулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлтийн ажлыг төлөвлөн гүйцэтгэж, долоодугаар сард ашиглалтад оруулав.
Тус цэнгэлдэх хүрээлэнг анх 1987 онд тэр үеийн ханш болох гурван сая төгрөгийн өртгөөр 56 хоногт олны хүчээр барьсан түүхтэй. Түүнээс хойш урсгал засвар хийж ирсэн ч томоохон хэмжээний их засвар огт хийж байгаагүй тул хана, суудал нурах эрсдэл үүссэн байна. Энэ тухай Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан нь бий. Иймд төв цэнгэлдэх хүрээлэнгээ бүрэн шинэчилж, жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай болгох шийдвэрийг Хэнтий аймгийн удирдлагууд 2022 онд гаргажээ. Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ ажлыг шуурхайлах, чанартай гүйцэтгэх ажилд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав инженер, техникийн ажилтнуудын хамт газар дээр нь тогтмол хяналт тавин ажилласан байна.
Тус цэнгэлдэх хүрээлэнг өдгөө 3200 хүний суудалтай болгон томсгож сур харвааны талбай, шагайн харвааны асар, хөлбөмбөг, сагс, волейболын талбайтай болгов. Мөн явган хүний зам, гүйлтийн зам, гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, 570 гаруй автомашины зогсоол зэрэг бүгдийг цогцоор нь шийджээ. Гол нь жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой нь хамгийн том давуу тал юм. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах худалдаа үйлчилгээний талбайд баяр наадмаас бусад үед тариаланч, ногоочид, тариалсан хүнсний ногоогоо, малчид малынхаа махыг худалдан борлуулах боломжтой. Энэ боломж нөхцөлөөр хангахын тулд 40 тоннын хөргүүр байрлуулах аж.
Харин өвлийн улиралд хүүхэд багачууд гэлтгүй
томчууд чаргаар гулгах сонирхолтой байдаг бөгөөд зориулалтын талбайгүй учир
уулнаас уруудан биедээ гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлаас гарсан овоолго шороог ашиглан өвлийн улиралд чаргаар гулгах
мөсөн гулгуурын талбайг тохижуулахаар төлөвлөжээ. Энэ мэт нэг биш нэжгээд зүйлсийг
бодон төлөвлөж аймгийнхаа 100 жилийн ойгоор шинэ Төв цэнгэлдэх хүрээлэндээ Хэнтийнхэн баяр
наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.