ХЭНТИЙ: 12 жил царцсан чуулгын барилгыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-24 21:40:36

Чингис /МОНЦАМЭ/. Дөчин жилийн түүхтэй Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгыг шинэ байртай болгох ажил 2012 онд эхэлсэн ч 12 жилийн дараа буюу энэ онд ашиглалтад орууллаа. 


Анх барилга угсралтын ажлыг “Хөвсгөл геологи” ХХК эхлүүлсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас барилгын ажлыг царцааж, 2015 онд “Макс майнд” компани сонгон шалгаруулалтад тэнцсэнээр барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Гэвч тус компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас найман жил царцаж, 2022 онд дахин сонгон шалгаруулалт зарлав. Улмаар Дорнод аймгийн Ж.Энхболд захиралтай “Чандмань тал” компани шалгарч жил гаруйн хугацаанд тус барилгыг ашиглалтад оруулж Хэнтийнхэнд хүлээлгэн өглөө.


Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс барилга угсралтын ажлыг шуурхайлах, санхүүжилтийг саадгүй олгох тал дээр мөн онцгойлон анхаарч тогтмол хяналт тавьж ажилласан байна. "Хэдий гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйн улмаас 12 жил царцаасан ч 100 жилийн ойн босгон дээрээ ашиглалтад оруулж, баярын хурлаа хийж буй нь бас нэгэн бахархууштай үйл явдал юм" хэмээн иргэд үзэж байна.


Тус барилга нь хүчин чадлын хувьд 600 хүний суудалтай бөгөөд 54 метрийн өргөн, 83 метрийн урттай, 78 өрөө тасалгаа, жижиг есөн заалтай, орон нутагт барьсан томоохон бүтээн байгуулалтуудын нэг гэж хэлж болно. 

関連ニュース