БАЯНХОНГОР: Аав хүү хоёр дахин түрүү бөхөөр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-26 08:01:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн таван сум 100 жилийн тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус сумдын хоёрынх нь ойн баяр наадамд аав хүү хоёр түрүүлж, наадамчин олныг баясгалаа.

Энэ сарын 21-23-нд болсон Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж, хүү Ж.Дарханбаатарын /өсвөрийн бөхийн төрөлд/ хамт түрүүлснийг бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 23-26-нд болсон Хүрээмарал сумын 100 жилийн түүхэн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд мөн аав хүү хоёр түрүүлжээ.

Тэд энэ жилийн улсын их баяр наадмаас нулимстай буцсан ч нутгийнхаа наадмуудыг өнгөлж, ийнхүү ид хаваа гайхуулав. Ирэх жилийн наадамд улсын цолонд хүрч, нутаг орныхоо нэрийг дуурсган өндөр цолонд хүрнэ хэмээн нутгийнхан ихэд итгэл тавьж буй бөхчүүдийн нэг нь Г.Жамбалдорж юм.

Цэргийн арслан Г.Жамбалдорж Хүрээмарал сумын уугуул бөгөөд тус нутгаас Самбо бөхийн дэлхийн анхны аварга, бөхийн нэрт тайлбарлагч Монгол Улсын гавъяат тамирчин Ш.Чанарав, Олимпийн хүрэл медальт, жудо бөхийн дэлхийн аварга Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаатар, Монгол Улсын начин Д.Нямхүү нарын зэрэг спортын алдартнууд төрөн гарсан байдаг.


関連ニュース