ЗАВХАН: Их насны морины уралдаанд Говь-Алтай аймгийн алдарт уяач Ж.Дэмбэрэлсайханы загал морь түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-28 16:35:53

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам, баруун бүсийн хурдан морины уралдааны соёолон насны морины уралдааны түрүү магнайгаар аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрд тодорлоо.


Түрүү магнайд хурдалсан зээрд морийг Орхон аймгийн алдарт уяач Н.Норовжамц сойжээ. Харин аман хүзүүнд аймгийн алдарт уяач Д.Энхбаатарын сойсон, аймгийн алдарт уяач Б.Гантулгын хээр, айргийн гуравт Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын сойсон, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Г.Галбадрахын сартай хээр хурдалжээ.


Айргийн дөрөвт мөн алдарт уяач М.Алтан-Очирын сойсон, Д.Батбаярын хул хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн алдарт уяач У.Тамирын сойсон Увс аймгийн Н.Батхуягийн хээр морь хурдалжээ.

Хурдан морины уралдааны их насанд 205 хурдан хүлэг уралджээ. Ийнхүү Говь-Алтай аймгийн алдарт уяач Ж.Дэмбэрэлсайханы загал морь түрүүллээ.


Айргийн хоёр болон гурваар Хэнтий аймгийн харьяат Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын сойсон, Тод манлай уяач Д.Дагвадоржийн элбэг хээр, согоо хээр морьд хурдалжээ.


Дөрөвт Дорнод аймгийн алдарт уяач Ж.Болдын уясан Б.Эрдэнэбаярын саарал, айргийн таваар Баянхонгор аймгийн харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Болбаатарын сойсон Б.Батсанаагийн хээр морь орлоо гэж аймгийн баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос мэдээлэв. 

関連ニュース