АРХАНГАЙ: Үндэсний сурын харваанд 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үндэсний их сурын харваа насанд хүрэгчийн болон өсвөр насны ангиллаар болж, нийт 305 харваач цэц мэргэнээ сорилоо.
Сурын харваанд даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, даян мэргэн Д.Норжмаа, даян мэргэн Ө.Хатанболор, МУ-ын мэргэн Оюунханд, Б.Бутваан, М.Батгэрэл зэрэг мэргэчүүд ирж оролцсон.
Нийт харваачдын 30-аад хувь нь аймгийн цол зэрэгтэй харваачид байлаа. Мөн өсвөрийн болон залуу харваачдын оролцоо идэвх сайн байв.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, МУ-ын мэргэн, спортын мастер
Д.Оюунханд:
“Би Архангай аймагт ирээд хэд хоног
нутгийнхаа харваачидтай хамт энэ талбай дээрээ бэлтгэл хийсэн. Манай аймгийн
баяр наадмын үйл ажиллагаа, тэр дотроо сурын харваа маш зохион байгуулалттай
болж байна. Чансааны хувьд ч өндөр байна. Эрэгтэй, эмэгтэй зургаан мэргэнтэй
наадаж байна. Залуу харваачид ч түлхүү оролцож байна.
Нэг түүх хуваалцахад би 1993 онд сурын
харвааг анх ааваараа заалгаад аймгийхаа 70 жилийн ойн баяр наадмаар анх удаа
харваж, түрүүлсэн нь энэ спорт руу эргэлт буцалтгүй дурлан орж, түүнээс хойш 30
жил тасралтгүй харваж байгаа юм. Энэ жил аймгийнхаа 100 жилийн ойгоороо харваж
байгаадаа маш их баяртай байна.
Арын сайхан хангай нутгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэндийг нутгийн зон олондоо хүргэж байна” гэлээ.
Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд Архангай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Орхон, Баян-Өлгий, Улаанбаатар зэрэг аймаг, хотуудаас нутгийн уугуул харваачид зорин ирж оролцсон юм.
/Үндэсний сурын харвааны эрэгтэй цуваа харвааны эхний таван байрын шагналт харваачид/
