ДАРХАН-УУЛ: Жүдо бөхийн тамирчдын хамтарсан бэлтгэл зургаан өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-07-31 16:37:38

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг нь 2022 онд БНСУ-ын Дэжон хоттой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж ах, дүүгийн харилцааг эхлүүлсэн. Санамж бичигт хотууд урлаг, соёл, спорт, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах талаар тусгасан аж.  



Уг хамтын ажиллагааны хүрээнд тус хотын жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид тус аймагт зочилж, Дархан хотын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай зургаан өдрийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийж туршлага солилцож байна.


Энэ сарын 28-ны өдөр ирсэн Дэжон хотын жүдо бөхийн 27 тамирчин Дархан хотын Биеийн тамир спортын газрын бэлтгэлийн зааланд Дархан хотын жүдо бөхийн тамирчидтай бэлтгэл сургуулилтыг хийж байгаа юм.


Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд Дэжон хотын жүдо бөхийн холбооны тэргүүн Lee Hyun Jin болон ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Энэ удаад Дэжон хотын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид айлчилсан бол ирэх онд Дархан хотын БТСГ-ын жүдо бөхийн тамирчид тус хотод айлчилж хамтарсан бэлтгэл сургуулилтыг үргэлжлүүлэх ажээ.


Дэжон хот нь Солонгосын хойгийн төв хэсэгт орших ба Ённам, Хунам нутагтай холбогдох бөгөөд Гёнбү, Хунам хурдны зам, улсын замтай холбогддог Солонгосын зам тээврийн чухал цэг аж. Түүнчлэн дэвшилтэт шинжлэх ухааны өлгий Дэйдог Судалгааны цогцолборын технологи бүхий судалгааны төв хот юм байна.

関連ニュース