Д.Трампын байр суурийг НҮБ-ын тэргүүн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-15 09:47:57

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трампын хэлсэн үгийг хатуу шүүмжиллээ. Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр хэлэхдээ, лалын шашинт дүрвэгчдийг АНУ хүлээж авахгүй байх нь зүйтэй гээд мексикчүүдийг гэмт хэрэгтнүүд, хүчирхийлэл үйлдэгчид гэж нэрлэж байв.  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд зориулсан хэвлэлийн хуралд оролцсон Бан Ги Мүн хэлэхдээ “Трампын энэ байр суурь нь байж болшгүй хандлага бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд харшилж байна” гэжээ.

“Миний болон НҮБ-ын байр суурийг тодруулан тайлбарлахад, ямар ч хүнийг гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Гадаадынхныг үзэн ядах үзэл, ялгаварлан гадуурхах үзэл нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд харшилна” гэж Бан Ги Мүн онцлон хэллээ. 

Сануулан дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Трамп үг хэлэхдээ “Мексиктэй залгаа хил дээр хана босгосноор хууль бус цагаачдыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх боломжтой, хана босгосны зардлыг Мексикий засгийн газраар гаргуулна” гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр мөн “АНУ-д лалын шашинтнуудыг нэвтрүүлэхгүй” гэсэн нь ихээхэн шуугиан тарьж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.   

Х.Сарнай 

 

関連ニュース