Зорчигч тээврийн онгоц Украины дээгүүр ниссэн тохиолдол анх удаа бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-08-15 09:28:12

МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн оны 2 дугаар сараас хойш анх удаа зорчигч тээврийн нисэх онгоц Украины агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдол гарчээ.


Тодруулбал, Осло хотоос Анталья руу нисэж байсан Туркийн агаарын тээврийн BBN Airlines компанийн Airbus A320-200 нисэх онгоц хүчтэй шуурга, аянга цахилгаантай борооны улмаас чиглэлээ өөрчилж, Украины баруун нутгийн дээгүүр нисэн өнгөрсөн тухай Норвегийн телевизийн NRK суваг мэдээлсэн байна.


Энэ явдал 7 дугаар сарын 25-нд гарсан боловч өчигдөр буюу 8 дугаар сарын 14-нд олон нийтэд ил болсон байна. Учир нь, Норвегийн сэтгүүлчид нислэгийг хянах Flightradar24 системийн мэдээллүүдийг судалсны дараа дээрх дүгнэлтийг хийжээ.  


Туркийн онгоц Freebird компанийн захиалгаар дээрх чиглэлд чартер нислэг хийж байсан бөгөөд Унгарын агаарын орон зайд нисэж байх үед агаарын хүчтэй урсгалд орсны улмаас чиглэлээ өөрчилж, Украины Ивано-Франково, Черновцы мужуудын дээгүүр хэсэг хугацаанд ниссэний дараа Румыны агаарын хилд нэвтэрчээ. Уг онгоцонд 180 орчим зорчигч сууж явсан байх магадлалтай. BBN Airlines компанийн удирдлага цаашид ийм тохиолдол гаргуулахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.


Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 24-нөөс хойш Украины агаарын орон зай хаалттай байгаа юм.  

関連ニュース