ДАРХАН-УУЛ: Суурьшлын бүсэд могой харсан даруйд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-17 15:56:42

Дархан /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орсон борооны улмаас суурьшлын бүсэд могой үзэгдэх, хатгуулах тохиолдол урд өмнө нь гарч байсан. Тиймээс үргэлжлэн орсон борооны дараа болон, өвс их ургасан газар, суурьшлын бүсэд хортой могой үзэгдсэн даруйд БОАЖГ болон ОБГ-т хандах, хатгуулсан тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.


Одоогийн байдлаар суурьшлын бүсэд могой харсан дуудлага ОБГ-т нэг ирсэн бол  нэгдсэн эмнэлгийн 103 дугаарт могойд хатгуулсан дуудлага одоогоор бүртгэгдээгүй аж. Иймд өвс их ургасан ногоон байгууламжид могой байж болзошгүй тул иргэд сонор, сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй өвс ихтэй газар тоглуулахгүй байх, могойнд хатгуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.



Суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд оролдож болохгүй бөгөөд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 70377369 дугаарт холбогдон яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс ихэр хүртэл аюулгүй байдлаа ханган байршлыг сайтар харах аж.


Санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг Дархан сумын ЗДТГ-аас зөвлөж байна.

関連ニュース