ОРХОН: Энэ хичээлийн жилд 26 мянган сурагч сурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр/МОНЦАМЭ/
Энэ хичээлийн жилд
Орхон аймагт ерөнхий боловсролын 24 сургуульд 26 мянган сурагч, 33 цэцэрлэгт
8700 хүүхэд сурна. Үүнээс нэгдүгээр ангид 2450 сурагч элсэн орж байна.
2023-2024 оны хичээлийн жилд орон нутгийн төсвийн 20.9 тэрбум
төгрөгөөр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж бүх сургуулийн ширээ,
сандлыг бүрэн шинэчилж, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангажээ.
Мөн энэ хичээлийн жилд бага ангийн 60 багшид Япон Улсын ерөнхий
боловсролын сургуульд хэрэгждэг “Токкацу” хөтөлбөрийг танилцуулж мэргэжил, арга
зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон
Улсын ахмад багш, доктор Ёшихоро Огава ирсэн байна. Тэрээр Эрдэнэт хотод дөрөв
дэх удаагаа ирж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард есөн багшийг Япон улсад
туршлага судлах, мэргэжил дээшлүүлэхэд нь хамтран ажилласан юм.
Мөн тус улсын зургаадугаар ангийн сурагчдын илгээсэн цүнхийг 15,16,17 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдад хүлээлгэн өглөө.