ДОРНОГОВЬ: Гурван улсын эдийн засгийн форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-05 14:03:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа энэ оны наймдугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ныг хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болжээ.


Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын зам дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий үзэсгэлэн худалдаа, олон улсын форум  2009 оноос эхлэн БНХАУ-ын Эрээн хотноо уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн аж.


Цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаад байсан эдийн засгийн форум “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж гурван орны хил дамнасан тээврийн чадавхыг сайжруулах, аялал жуулчлалын хамтын ажиллагаа солилцоо, Монгол, Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл зэрэг таван сэдвийн хүрээнд болсон байна.


Олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Монголын Улсын талаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БОАЖЯ болон Гадаадын иргэдийн харьяатын газар, хил залгаа аймгуудын Засаг дарга нар оролцжээ.


Мөн жижиг дунд бизнес эрхлэгч 90 гаруй, нийт 100 орчим төлөөлөгч оролцож, олон улсын бараа бүтээгдэхүүний 500 павилон ажиллаж, автомашин, хүнд машин механизм, хүнсний бүтээгдэхүүний  үзэсгэлэнгийн долоон хэсэгт ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын иргэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.


Ташрамд, БНХАУ-ын Эрээн хоттой хил залгаа Монголын хамгийн том боомт хот болох Замын-Үүдээр Монголын гадаад худалдааны бараа эргэлтийн 70 гаруй хувь дамжин өнгөрдөг бөгөөд Монголын худалдаа эрхлэгчдийн дийлэнх хувь нь мөн л Эрээн хотоос бараагаа татан авдаг байна. 

関連ニュース