БАЯНХОНГОР: Мод усалгаанд эко хувин ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-06 10:01:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой усалгааны эко хувинг Баянхонгор аймгийн Галуут суманд ашиглаж эхэлжээ.


Тодруулбал, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайванийн “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Баянхонгор аймгийн Галуут суманд мод усалгааны 200 ширхэг эко хувин хандивлаж, мод тарьсан байна.


Мод усалгааны эко хувин нь усыг хэмнэх, модны үндэс рүү тасралтгүй ус чийгийг дамжуулах, үндсийг хамгаалах, модны амьдрах чадварыг 7-8 дахин нэмэгдүүлэх зэрэг давуу талтай.


Тайванийн “Ци Шинь сан” нь Тайванийн “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг аж. Энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой байдаг бөгөөд үүний дараа борооны ус болон усны машинаар зөөврийн усаар нөөцийг нь дахин нэмэгдүүлдэг системтэй. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.


Эко хувингийн тусламжтайгаар хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын амьдрах чадварыг 10-95 хүртэл хүртэл нэмэгдүүлсэн туршлага бийг албаныхан танилцуулж байв.




関連ニュース