БАЯНХОНГОР: Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоог эрчимжүүлэх зорилгоор лавлагаа шатлалын эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж буй. Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа тус аймагт бүсчилсэн хэлбэрээр болж байгаа бөгөөд Богд сумыг түшиглэн говийн бүс, Бууцагаан сумыг түшиглэн хангайн бүс, Баянхонгор аймгийн төвд гэсэн гурван бүсэд эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ оношилгоог зохион байгуулах аж.
Эмч нарын баг Бууцагаан суманд энэ сарын 11, 12, 13-нд үзлэг оношилгоог хийж, 14, 15-нд Баянхонгор суманд ажиллахаар төлөвлөжээ.
Явуулын дуран, лаборатори, рентгентэйгээр тухайн сум орон нутгийн ЭМТ-ийг түшиглэн иргэдэд газар дээр нь үзлэг, шинжилгээ оношилгоо хийж байгаа нь сумын төвийн иргэдээс гадна алслагдмал байршилд байгаа малчид, зорилтот бүлгийн иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээндээ хамрагдах боломжийг олгож байгааг нутгийн иргэд сайшааж байна.
Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооноос гадна тус багийнхан сэтгэцийн эрүүл мэнд, чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах замын тусламж үйлчилгээг мөн хүргэж байгаагаараа онцлог. Түүнээс гадна Яаралтай тусламжийг сайжруулах зорилгоор эмнэлгийн ажилтнуудад сургалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.