БАЯНХОНГОР: Б.Наранбаяр: Тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгч байгаа учир СHIP багцын хэрэглээ тогтмол өсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-12 11:33:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймаг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран монгол гэрийн халаалт, дулаалга, агааржуулалтын CHIP багцад айл өрхүүдийг хамруулж буй. Урин дулааны улирал дуусч, гэр хорооллын айл өрхүүд галлагаа хийж эхэлж буй энэ үед холбогдох асуудлаар “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн нарийн бичгийн дарга Б.Наранбаяртай ярилцлаа.

-Баянхонгор аймаг агаарын бохирдлын түвшин ямар хэмжээнд байдаг вэ? Төсөл хэрэгжүүлэх болсон талаар мэдээлэл өгөөч.
-Агаарын бохирдол маш их. Гэр хорооллын 6000 өрхтэй, 15 уурын зуухтай, газарзүйн байршил хонхор газар байршдаг. Агаарын бохирдлын ихэнх хувь буюу 77 хувь нь гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй нүүрсний утаа, 10 орчим хувь нь автомашин, тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, тоос, 12 хувь нь уурын зуухнаас гарч байгаа утаа тортгоос үүдэлтэй гэсэн судалгаа гарсан.
НҮБ-ын Хүүхдийн сан, Баянхонгор аймагтай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” төслийг дөрвөн жилийн хугацаатайгаар 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн. НҮБ-ын Хүүхдийн сангаас газарзүйн байршил, аймаг орон нутаг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж байгаа зэрэг шалгуураар Баянхонгор аймгийг сонгож энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөлд тусгагдсан ажлуудын нэг нь Баянхонгор аймгийн гэр хорооллын айл өрхүүдийг монгол гэрийн дулаалга, агааржуулалт, халаалтын CHIP багцаар хангаж, гэр хорооллын айл өрхөөс гарч буй утааны хэмжээг багасгахад нөлөөлөх явдал юм.

-СHIP гэдэг нь?
-CHIP багц гэдэг нь хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг үгсийн англи товчлол. Өөрөөр хэлбэл өрхөд зориулсан, агаарын бохирдлыг бууруулах, илүү тав тухтай, эрүүл орчин үүсгэх багцыг хэлж байгаа юм.

-Багцын тухай танилцуулахгүй юу?
-Гэрт амьдардаг өрхөд зориулсан, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл орчин үүсгэх багц шийдлийг ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн эрдэмтэн багш нарын судалгаа, бүтээлд үндэслэн гаргасан. CHIP багц нь нүүрсийг халж цахилгаан халаалтыг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ногоон ажлын байр бий болгох, эх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэрт амьдардаг бүхий л хүмүүсийн амьдрах цэвэр тохилог орчныг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн. CHIP нь халаалтын багц, дулаалгын багц, агаар сэлгэлтийн багцаас бүрддэг.

-Одоогийн байдлаар хэчнээн өрх тус багцыг хэрэглэж байна вэ?
-Аймгийн төвийн 9600 өрхийг өдөр, шөнийн 2 тарифт тоолуурт шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар CHIP багцыг 600 гаруй өрх ашиглаж байна. Хүйтэнд түлээ нүүрстэй ноцолдохгүй, тав тухтай, тогтмол дулаан байх боломжийг бүрдүүлж өгч байгаа учир СHIP багцын хэрэглээ тогтмол өсч байна. Мөн тус багцыг хөнгөлөлттэй үнээр худалдаж авахаас гадна БОАЖЯ ногоон зээлээр олгож байгаа нь маш том давуу тал.




-Багцын үр дүнд үнэлгээ хийсэн болов уу?
-CHIP багцын үнэлгээг SICA судалгааны байгууллага хийж гүйцэтгэж дүгнэлтийг гаргасан. Үүнд CHIP-тэй 183 өрх, CHIP-гүй 183 өрхийн харьцуулалтын судалгаа хийхэд цахилгаанаар халааснаар халаалтын улирлын долоон сарын хугацаанд 77 мянган төгрөгийн хэмнэлт гарсан, тухтай тогтмол температурт өвөлжсөн, тус багцад хамрагдсан өрхийн гишүүдийн амьсгалын замын өвчлөл тодорхой хэмжээгээр буурсан дүн гарсан. Дотоод агаарын чанар харьцангуй сайжирсан, нүүрс түлээ түлэхэд өдөрт дунджаар 41 минут зарцуулдаг байсан бөгөөд халаалт тавьснаар цаг хэмнэгдсэн, цэвэрхэн, үнс тоос тортог гардаггүй зэрэг давуу талтай байсныг дүгнэлтэд дурдсан байсан.

-Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багцад хэрхэн хамрагдах вэ?
-Багцад хамрагдахыг хүсвэл багийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө тушаасан баримттайгаа “Инновацын төв Баянхонгор”-т авчирч гэрээ хийн бүтээгдэхүүнээ хүлээн авна. /Хуучнаар 5-18-5/ шинэ хаяг: Улаан үзүүр 4-409 тоот. Холбоо барих утас: 88885069/. Мөн Баянхонгор аймгийн Транскапитал ББСБ бидэнтэй хамтран ажиллаж CHIP багцад хамрагдах хүсэлтэй өрхүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж байна. Зээлд хамрагдаж багц авахыг хүсвэл дээрх ББСБ-д очиж зээлээ судлуулж, материалаа бүрдүүлэн зээлд хамрагдсанаар “Инновацын төв Баянхонгор”-т хүрэлцэн ирж гэрээ байгуулан багцаа авах боломжтой. Тус төв ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй ажиллана.

-Үнийн тухайд?
-Багцын нийт үнийн 60 хувийг төслийн зүгээс хариуцаж, иргэдэд хөнгөлөлттэй үнийг санал болгодог. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс шалтгаалж үнийн дүн тогтвортой байж чадахгүй байна. Тодруулбал,
2019-2020 онд 1.8 сая төгрөг үүний 60% хөнгөлөлттэй /720 мянган төгрөг/
2021 онд 2.2 сая төгрөг үүний 60% хөнгөлөлттэй /880 мянган төгрөг/
2022 онд 2.8 сая төгрөг үүний 60% хөнгөлөлттэй /1.120 мянган төгрөг/-өөр борлуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.




関連ニュース