БАЯНХОНГОР: Хамтарсан хяналтыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд "Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтарсан шалгалтаар Баянхонгор сумын эргэн тойрон, улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуу хяналтын пост ажиллаж нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд үзлэг хяналт хийж байна.
Шалгалтыг эхлүүлснээс хойш хууль бусаар тарвага агнасан есөн зөрчлийг илрүүлэн 62 тарвагыг холбогдох журмын дагуу устгалд оруулж, 42.5 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ноогдуулжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаалын дагуу тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолын дагуу амьтныг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.
Тарвага агнасан тохиолдолд нэг бодгаль тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг ба түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлбөр ноогдуулна хэмээн заажээ.