БАЯН-ӨЛГИЙ: Малчид 66,2 мянган тонн өвс бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-19 10:35:20

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн "Хөдөө аж ахуйн салбарын 2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай" 432 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд малчдын түвшинд 65,3 мянган тонн өвс, 7,9 мянган тонн гар тэжээл, 6,6 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн.


Энэ нь өнгөрсөн онд бэлтгэсэн нийт хадлангийн хэмжээнээс 2,7 мянган тонноор илүү үзүүлэлт аж.


Баян-Өлгий аймагт хадлан бэлтгэх ажил дуусаж байгаа. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр тус аймгийн малчид 66,2 тонн өвс, 9,5 мянган тонн гар тэжээл, 6,1 мянган тонн давс, хужир шүү бэлтгэжээ.


Түүнээс гадна төлөвлөгөө ёсоор аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 830 тонн өвс, 830 тонн тэжээл төвлөрүүлэх ёстой. Үүнээс одоогийн байдлаар 85,2 тонн өвс, 137,7 тонн тэжээл бэлтгэж, биелэлт 10-16 хувьтай байна.


Сумд өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө хараахан бүрдүүлж амжаагүй байгаа нь санхүүгийн эх үүсвэр болох малын хөлийн татвар бүрдүүлэх ажил удаашралтай байгаатай холбоотой ажээ.  

関連ニュース