БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотод гэмт хэрэг 74,1 хувиар нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт оны эхний 9 сард 318 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 28.2 хувиар нэмэгдэв.
Нийт гэмт хэргийн 276 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй байсан ба үүнээс 164 гэмт хэргийг илрүүлжээ.
Гэмт хэргийн улмаас 95 хүн гэмтэж осолдож, 312 хүн хохирсон. Мөн 9 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн байна. Төр, иргэдэд учирсан хохирлын хэмжээ 660,6 сая төгрөг байснаас 359,1 саяыг нь нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь аймгийн төв Өлгий суманд үйлдэгдсэн. Тус суманд гэмт хэргийн нийт 262 тохиолдол гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.1 хувиар өссөн байна.
Нийт гэмт хэргийн 26.1 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг
гэмт хэрэг, 52.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 4.4 хувийг нийтийн албаны ашиг
сонирхлын эсрэг, 2.5 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг, 1.6 хувийг хүний
халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг, 13.2 хувийг бусад гэмт хэрэг тус тус эзэлж
байна.