ДАРХАН-УУЛ: Мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтарсан “Найрамдал” тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-25 11:46:46

Дархан, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дархан хотын анхны хамтын ажиллагаатай ах, дүүгийн харилцаатай Улаан-Үд хотын мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Найрамдал” тоглолт энэ сарын 24-нд Залуучууд театрт боллоо. Хоёр орны соёлын харилцааг бэхжүүлж, өргөжүүлэх, урлаг, соёлын үйл ажиллагаагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг Дархан хотын 62 жилийн ойд зориулжээ.




ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын мэргэжлийн байгууллагуудын хамтарсан “Найрамдал” тоглолтод 140 гаруй уран бүтээлч оролцож, үндэсний урлагийг орчин үеийн урлагтай хослуулсан бүрэн хэмжээний тоглолтыг танхим дүүрэн үзэгч сэтгэл дүүрэн хүлээн авч үзлээ.




Монгол түмний сайн мэдэх “Тоонот нутаг” “Ёохор” ”Хатариш” “Москва орчмын үдэш” зэрэг уран бүтээлийг хамтран дуулж, ардын болон орчин үеийн бүжгийн ертөнцөөр аялууллаа.




Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд жил бүрийн намар “Нийгэм, эдийн засаг, соёлын өдрүүд”-ийг зохион байгуулдаг. 2020 оноос ковид цар тахлаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласан бол ирэх жилээс эргэн сэргээх боломжтой болжээ.




Хамтын ажиллагааны түүхийг эргэн санавал 1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Буриадын автономит улсын Улаан-Үд хотууд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоож  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түүхтэй.  




Энэхүү гэрээ нь Дархан хотыг дэлхийн олон хоттой ах, дүү, эгч дүү хот болгох, гадаад харилцааг хөгжүүлэх үндэс болсон гэдгийг ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун аймгийн Засаг даргын мэндчилгээг уламжлахдаа онцоллоо.

関連ニュース