БАЯН-ӨЛГИЙ: Дотоодын худалдан авалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-01 11:49:44

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банк, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зэрэг байгууллагатай хамтран "Миний Монгол" үзэсгэлэн худалдааг Өлгий хотод энэ сарын 13-ны өдөр зохион байгуулна.


Тус үзэсгэлэн худалдаанд аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, борлуулах аж.


"Үзэсгэлэнгийн гол зорилго бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг худалдан авалтаар дэмжих явдал юм. Жишээ нь манай аймгийн тариаланчид энэ жил 76 тонн жимс, жимсгэнэ хураан авсан. Гэхдээ түүнийг худалдан борлуулах асуудал хүнд байдаг. Хүүхдийн цэцэрлэгүүдийн хоолны жагсаалтад чацаргана орсон ч тэд орон нутгийн бүтээгдэхүүнийг бус, өөр газрын бүтээгдэхүүнийг сонгон худалдан авдаг асуудлууд гардаг. Орон нутгийн оёдолчид уул уурхайн компани, цэргийн ангиуд, бусад аж ахуйн нэгж, албан байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлж чаддаггүй. Тийм учраас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдтэй холбож, худалдан авалтаар үйл ажиллагааг нь дэмжихээр энэ удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна" гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Х.Бахыт хэлэв.  


関連ニュース