СЭЛЭНГЭ: 215600 боодол өвс зах зээлд борлуулахад бэлэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-02 13:08:03

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас цаг үеийн асуудлаар “Шуурхай мэдээллийн цаг” үйл ажиллагааг энэ сарын 1-нд зохион байгууллаа. 

 

Энэ удаагийн шуурхай мэдээллийн цагт аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар танхимаар, 17 сум цахимаар оролцжээ. Мэдээллийн цагаар аймгийн ХХААГ болон сумд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын талаарх ажлын явцаа танилцуулсан байна. 

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгалийн хадлан 150.4 тн, тэжээл 19.7 мянган тонн, дарш 3.1 мянган тонныг бэлтгэсэн байна. Малчдын түвшинд бэлтгэх хадлан бэлтгэл 93.5 хувьтай байгаа ажээ.

 

Одоогийн байдлаар тус аймгийн Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Хушаат, Цагааннуур, Түшиг, Сайхан, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Жавхлант суманд 215600 боодол өвс зах зээлд борлуулахад бэлэн байгаа аж.

 

Мөн аймгийн хэмжээнд улаанбуудайн хураалт 95, төмс, хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна.

 

Сэлэнгэ аймаг 2023 онд зах зээлд 415.7 мянган толгой малыг борлуулахаар төлөвлөсөн бөгөөд нийт малын 26.8 хувийг буюу 512893 мянган толгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, малын тоо толгойг бууруулах аж.

 

Шуурхай хуралдааны төгсгөлд цаг үеийн ажил, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлуудад аймгийн Засаг даргаас сум, агентлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.

 

関連ニュース