АНУ “исламофоби”-той тэмцэх стратеги боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-02 16:57:53

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /TASS/. АНУ-ын Засгийн газар түүхэндээ анх удаа "исламофоби” буюу лалын шашинтнуудаас эмээх үзэлтэй тэмцэх үндэсний стратеги боловсруулж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 


“АНУ-ын засаг захиргаа Цагаан ордны Дотоод бодлогын зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлага дор АНУ-д лалын шашинтнуудаас эмээх үзэл, үзэн ядалтын бүх илрэлтэй тэмцэх үндэсний стратегийг анх удаа боловсруулж байгааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч өнөөдөр (11 дүгээр сарын 1) мэдэгдлээ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. 


Америкт лалын шашинтнууд болон сикхүүд удаан хугацааны туршид "үзэн ядалтын халдлагад өртөж", "бусад төрлийн ялгаварлан гадуурхалт"-ыг амссаар ирсэн хэмээн мэдэгдэлд онцолжээ.


"Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон бүх засаг захиргаа америк хүн бүр шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхагдахаас айхгүйгээр аюулгүй амьдрах боломжийг хангахын тулд үргэлжлүүлэн ажиллаж байна" гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн 2022 онд Ж.Байден АНУ-ын засгийн газрын лалын шашинтнуудаас эмээх үзэл, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэл, ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх хүчин чармайлтыг зохицуулах байгууллага хоорондын бүлэг байгуулсныг мөн дурдсан байна.


АНУ-ын үндэсний лалын ардчилсан зөвлөл (NMDC) болон Ардчилсан намын идэвхтнүүд Ерөнхийлөгч Ж.Байденд Газын зурваст гал зогсоох талаар Израилд нөлөөлөхийг тулган шаардсан юм. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол АНУ дахь лалын шашинт, арабын сонгогчдын дунд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг "батлах, дэмжих, санал өгөхөөс" татгалзах хөдөлгөөн өрнүүлнэ гэж мэдэгджээ. 




関連ニュース