БАЯН-ӨЛГИЙ: Музейн үнэт үзмэрүүдийг цахимаар сурталчилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны нээлтийг энэ сарын 6-нд аймгийн Хөгжимт драмын театрт хийлээ.
Баян-Өлгий аймгийн Музей тус аяны хүрээнд казах түмний бүргэдээр ан авлах өв соёл, нүүдэлчдийн уламжлалт гэр сууцыг сурталчлах, "Эхлэл 2023" гар зургийн үзэсгэлэн гаргах, "Тооно", "Шидэт хайрцаг" боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн аяны хугацаанд музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үнэт үзмэрүүдийг холбогдох зураг, тайлбарын хамт олон нийтэд цахимаар түгээн сурталчилж эхлээд байгаа.
Музейн ажилтнуудын өгсөн мэдээллээр өдөр бүр 5 үзмэрийг цахимаар иргэдэд
танилцуулж байх бөгөөд сонирхсон иргэд фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх "Баян-Өлгий
аймгийн музей" хаягаар орж, үнэт үзмэрүүдийн мэдээллийг авах боломжтой ажээ.