АРХАНГАЙ: Ноёнхангайн халуун рашааны нөөцийг тогтоох судалгааг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хангай сумын төвөөс баруун урагш зүгт 18км зайд Ноён хангай, Хатан хангай уулын бэлд үеийн үед зон олон хэрэглэсээр ирсэн халуун рашаан бий. Түүнийг Ноёнхангайн рашаан гэх ба хүний биеийн дулаантай адилхан 37 хэмийн температуртай, өвчнийг анагаах увдистай рашаан ус юм.
Энэхүү халуун, хүйтэн рашаан бүхий 56658 га талбайг хамруулан, УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор "Байгалийн цогцолборт газар"-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн албан ёсны нэршил нь Ноёнхангайн Байгалийн цогцолборт газар юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/301, А/265 дугаар хамтарсан тушаал “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам”-д рашаан, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Усны мэргэжлийн байгууллага”-ын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заасан байдаг.
Хангай сумын Засаг даргын Тамгын газраас усны мэргэжлийн байгууллага “Экогидрогеотехник” ХХК-д хандаж, Ноёнхангайн рашааны боломжит нөөцийг тогтоож, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлснээр хээрийн судалгааг эхлүүлжээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүд 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Ноёнхангайн халуун рашааны байгалийн суурь нөхцөлтэй (геологи, гидрогеологи, геотерм, гидрохими г.м) газар дээр нь танилцан, анхан шатны хээрийн хэмжилт судалгааг хийж, рашааны дээжийг авчээ. Өөрөөр хэлбэл, рашааны эрдэсжилт болон химийн найрлагыг улирал бүр шинжлэн судлах аж.
Ноёнхангайн халуун рашааны
боломжит нөөцийг тогтоох гидрогеологийн иж бүрэн судалгааны ажлыг жилийн дөрвөн
улирал тутамд хээрийн хэмжилтийг гүйцэтгэн, нэг жилийн турш хийх тухай мэдээллийг “Архангай медиа” группийн Хангай сум дахь сурвалжлагч
П.Баттулга мэдээллээ.