ДУНДГОВЬ: Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-17 10:40:53
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. 2023 оны 10 сарын байдлаар Дундговь аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.4 хувь, зарлага 9.6 хувиар өсжээ. Тодруулбал, тус санд энэ оны эхний арван сард 54,2 тэрбум төгрөг төвлөрч, 54,0 тэрбум төгрөг зарлагадсан гэж аймгийн НДХ-ээс мэдээлжээ.


Аймгийн Нийгмийн хэлтэст бүртгэлтэй 9824 шимтгэл төлөгч, даатгуулагч байгаагийн 25.9 хувь нь аж ахуйн нэгжээс, 41.0 хувь нь төсөвт байгууллагаас, 33.1 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн ба 2022 оны 10 дугаар сартай харьцуулахад аж ахуйн нэгж байгууллагын даатгуулагчийн тоо нэмэгдэж, сайн дурын болон төсөвт байгууллагын даатгуулагчийн тоо буурсан байна


Нийгмийн даатгалын сангаас энэ хугацаанд 8382 иргэнд 47.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосны 86.5 хувийг өндөр настны, 7.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.2 хувийг тэжээгчээ алдсаны, 3.6 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байгаа аж.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн 85.9 хувь буюу 7198 нь өндөр настан, 9.5 хувь буюу 796 нь хөгжлийн бэрхшээлтэй, 2.7 хувь буюу 225 нь тэжээгчээ алдсан, 1.9 хувь буюу 163 нь цэргийн тэтгэвэр авагчид байгаа юм.


Харин тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагч 1655 иргэн байгаагийн 223 нь ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа бол 17 нь ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг.


Тухайн сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагч 14070 хүн байгаагийн 61.1 хувь нь төр хариуцах иргэд, 28.1 хувь нь малчид, 1.2 хувь оюутан суралцагсад, 9.6 хувь нь аж ахуй нэгжийн даатгуулагч байна гэж аймгийн НДС-аас мэдээллээ.

関連ニュース