СЭЛЭНГЭ: Улсын гарди Ө.Бат-Орших түрүүлэв

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-19 14:05:58

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны хүрээнд улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг өчигдөр Монгол Бөхийн өргөөнд зохион байгууллаа.

 

Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Увснуур дэвжээний бөх, улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Барилдааны шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа.

Наймд улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн заан Ж.Хатанзоригт, цэргийн заан Х.Наранбаяр нар үлдэж, хурц сайхан барилдаанаараа үзэгч олноо баясгалаа.