АРХАНГАЙ: Нуур, голуудын орчимд 8690 орчим тураг гогой тоологджээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-10-10 16:49:02

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэдэг.


Жил бүр олон мянган шувуу өвөлжих болон үржих зорилгоор нутаг хооронд алс холоос өртөөлөн нүүдэллэдэг. Нүүдэллэх замдаа амрах таатай орчин зайлшгүй хэрэгтэй учраас тэднийг хамгаалах хамгийн том сүлжээг бий болгохоор дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж, хүмүүсийн анхааралд нүүдлийн шувууд, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах шаардлагатайг ойлгуулах зорилгоор тэмдэглэж иржээ.  


Монгол Улсад 489 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Шувуудыг суурин амьдралтай, нүүдлийн, дайран өнгөрдөг, өвөлждөг, тохиолдлоор дайрдаг хэмээн ялгадаг байна.

 

Монгол оронд дөрөвдүгээр сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Жимс идэштэн шувууд оройтож, шавж хорхой идэштэн шувууд нь эрт нүүдэллэдэг байна. Монгол орны шувууд ихэвчлэн тав, зургаадугаар сард үүрлэж, үрждэг байна.

 

Архангай аймгийн Байгаль орчны газраас тураг гогойн тооллогыг өнгөрсөн зун зохион байгуулжээ.


Энэхүү ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2124 дугаартай “Чиглэл хүргүүлэх” тухай албан бичгийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тураг гогойн тооллого, судалгааг хийж гүйцэтгэсэн байна.


Судалгааг ажиглагч (дуранчин), дүрс бичиг (дрончин), тэмдэглэл хөтлөгч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 13 сумын 42 байршилд буюу томоохон нуур, цөөрөм, голуудын дагуу 18 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.


Энэ хугацаанд нийт 8690 орчим тураг гогой тоологдсон байна.


Тухайлбал, ХХхангай, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир сумын нутагт хийсэн судалгаагаар Тэрхийн цагаан нуур, Тарвагайтай нуур (Хунт) нь дундаа аралтай, шувууд үржихэд таатай бүс тул тухайн бүс нутагт тархсан тураг гогойн үржлийн цөм хэсэг гэж дүгнэсэн байна.


Хангай сумын Тарвагатай нууранд 79 ширхэг шувууны үүр байгаагийн 3 нь тураг гогойн үүр, бусад үүр нь монгол цахлайнх бөгөөд 86 ширхэг тураг гогой, 200 орчим монгол цахлай, 18 ширхэг бор галуу, 2 гангар хун тоологдсон байна.


Тэрхийн цагаан нууранд ажиглалтаар 9 зүйлийн шувуу бүртгэгджээ. Үүнд, бүрдний хөгчүү, хээрийн галуу, буурал галуу, монгол цахлай, цагаан шанаат хараалай, тураг гогой, отгот шумбуур, тураг гогой ажиглагдсан байна. Нуурын дунд толгойд 200-250 орчим, жижиг арлуудад 100 орчим тураг гогойн өндөг дарж буй үүр байжээ. Мөн нуурын эрэг дагуу 5000 орчим тураг гогой, 4000 орчим монгол цахлай тоологджээ.


Суман, Чулуут, Алтаад, Хануйн гол дагуу тураг гогой алаг цоог буюу 2-40 ширхэг байсан байна.


Архангай аймгийн зүүн хэсэг Өгий нууранд 500 орчим тоологдсоны 400 орчим нь нуурын оруулга хэсэгт байжээ.