БАЯНХОНГОР: Хөрөнгө оруулалтын чуулганыг энэ сарын 15-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Invest Bayankhongor" хөрөнгө оруулалтын чуулган Баянхонгор хотноо энэ сарын 15-нд болно.
Уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад боломж, санаачилга дэвшүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг эрэлхийлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд тус үйл ажиллагаа нээлттэй аж.
Чуулган Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын Ганьсү болон Ниншя Хуй мужийн төлөөллүүд оролцохоос гадна хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид оролцоно.
Бүс нутгийн онцлогт тохирсон бизнесийн таатай боломж, өсөн нэмэгдэх үр ашиг бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалт, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг чуулганы үеэр танилцуулахаар төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг танилцуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичгүүдийг байгуулах юм байна.
Түүнчлэн чуулганы үр дүнд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн бодлого, тогтвортой хамтын ажиллагаагаар дэмжихээс гадна бүс нутгийн өрсөлдөх чадамж болон эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.