БАЯНХОНГОР: "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулалтын чуулганд дотоод, гадаадын 200 гаруй төлөөлөгч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны
арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж
буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулалтын чуулганыг
өнөөдөр Баянхонгор хотноо
зохион байгуулж байна.
Чуулганд аймгийн удирдлагууд, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл багтсан 200 гаруй оролцогчтойгоор үргэлжилж байна.
Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Баянхонгор аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх боломжуудыг танилцуулан гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, аймаг болон бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэн орон нутагт амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус чуулганыг зохион байгуулж буй.
Баянхонгор
аймаг нь 1941 онд байгуулагдсан, өдгөө 90
мянга шахам хүн амтай, 26 мянга гаруй өрхтөйгөөс 50 хувь нь малчин айл. 3.7 сая малтай, одоогоор иргэдийн орлогын гол эх үүсвэр нь МАА-н салбар байна.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022
оны байдлаар 541.4 тэрбум.төгрөг болж, улсын дүнд 1.0 хувийг эзэлж байна. ДНБ-ийг
томсгосон гурван салбар буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний
салбараар харьцуулан авч үзвэл, ДНБ-ий 263.6 (49.1%) тэрбум төгрөгийг хөдөө аж
ахуйн салбар, 74.6 (13.9%) тэрбум төгрөгийг үйлдвэрлэлийн салбар, 199.2 (37.1%)
тэрбум төгрөгийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна. Нэг хүнд
ноогдох ДНБ 6,027 мянган төгрөг.
Банхонгор аймаг 2020 оноос аймгийн Засаг
даргын мөрийн хөтөлбөр болон жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа нийт
иргэдээ ажилтай, орлоготой болгох, амьдралын нөхцөлийг өөрчлөхөд голчилж
анхаарсан.
Бизнесийг бий болгох, иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд Баянхонгор аймгаас инженерийн шугам сүлжээг шинээр бий болгоход онцгой анхаарч “Шинэ суурьшлын бүс”-ийг байгуулах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж байна. Тус аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ бизнес эрхлэхэд дэд бүтэц нь шийдэгдсэн газар сонголттой болж байгаа нь шинээр бизнес эрхэлж буй иргэдэд томоохон боломж болж буйг аймгийн удирдлагууд чуулганы үеэр онцолж байв.
Чуулганы эхэнд, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний сэргэлтийн бодлогын талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай танилцуулсан бол Хүнсний хувьсгал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөн - Баянхонгор аймгийн боломж, үр ашгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай танилцуулав.
Үргэлжлүүлэн “Нээлттэй Баянхонгор” хөтөлбөрийг танилцуулж, орон нутагт ажиллаж, амьдрах таатай
нөхцөлийг бүрдүүлэх, эдийн
засаг, худалдаа, байгаль орчин, мал аж ахуй, боомт, аялал жуулчлал, соёл,
боловсролын салбарт гадаад харилцааны бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд орон
нутгийн жижиг, дунд бизнес
эрхлэгчдийн боломж, үр ашгийг нэмэгдүүлэх, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай
түүхий эдээр хангах, төр,
хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул
уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг танилцуулж, нийтээр хэлэлцэх юм.
Баянхонгор аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын танилцуулга, аймгийн гадаад харилцаа, дэд бүтцийн талаарх мэдээлэл, уул уурхайн салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, Ингэний сүүний үйлдвэр, 1000 тн мах, ногооны зоорь, өвлийн хүлэмжүүд, тэжээлийн ургамал тарих талбайнууд, тэжээлийн үйлдвэр зэрэг бүтээн босгосон зүйлүүдээ хувийн хэвшил болон бизнес эрхлэгч нарт санал болгох юм.
Чуулганы төгсгөлд аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хэлцэл, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаатай.