БАЯН-ӨЛГИЙ: Транзит ачаа тээвэрлэсэн 1867 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНХАУ-тай хиллэдэг Ховд аймгийн Булган, ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг холбосон Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам өнгөрсөн оны 10 дугаар сард бүрэн ашиглалтад орж, олон улсын транзит тээвэр явж эхэлсэн.
Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр тус замаар өнгөрсөн сарын байдлаар Такашикен /БНХАУ/-Булган-Цагааннуур-Ташанта /ОХУ/ маршрутаар транзит ачаа тээвэрлэсэн /ТИР карней/ 1867 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ.
Статистик мэдээнээс харахад 5 дугаар сард хамгийн олон буюу 318, 4 дүгээр сард 306, 3 сард 256 6 дугаар сар 206, бусад сард 46-169 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийжээ.
Тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск,
Челябинск, Барнаул, Бийск, Самара, Омск, Новокузнецк, Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы,
Узбекистан Улсын Ташкент зэрэг хотуудыг зорьжээ. Мөн зарим тээврийн хэрэгслүүд
Иран Улсын Тегеран, Белорусь Улсын Минск, Киргиз Улсын Бишкек, Турк Улсын Истанбул,
Словения Улсын Жувлиана хот болон Герман, Англи улсыг чиглэн явсан ажээ.