БАЯНХОНГОР: Ингэний сүүн дарсыг худалдаанд гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн брэнд болох шинэхэн, органик бүтээгдэхүүн энэ сараас худалдаанд гарлаа. Тус аймгийн Баянлиг сумын "Их халбаганат" ХХК ингэний сүүн дарсаа 0.75 литр савлагаатайгаар зах зээлд нийлүүлсэн нь олны хүлээлтийг давав.
Бэлгийн багц бүтээгдэхүүндээ таван жилийн өмнөөс жижиг савлагаагаар оруулж байсан тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүсэлтээр томруулан савлаж худалдаанд гаргаж буйгаа үйлдвэрлэл эрхлэгчид танилцуулсан. Ингэний сүүн дарсыг Монгол оронд гагц эл үйлдвэр л хийдэг болохоо мөн онцлов. Дэлхийн бусад оронд байдаг эсэхийг судлаагүй, аль болох дахин давтагдахгүй, шинэ шинэлэг бүтээгдэхүүн гаргахыг зорин ажилладгаа мөн үйлдвэрийнхэн дуулгасан юм.
Дарсны тухайд шил, шошго зэргээ захиалан Баянлиг сумандаа дарсаа исгэн савлаж байгаа бөгөөд үнийн хувьд импортын дарсны дундаж үнэтэй ойролцоо үнээр борлуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ Баянлиг сум болон Баянхонгор суманд борлуулж байгаа бөгөөд удахгүй улсын томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Монголчууд ингэний сүүг боловсруулж өрх гэрийнхээ өдөр тутмын хүнсний хэрэглээнд хэрэглэж ирсэн боловч зах зээлд борлуулах, худалдааны бүтээгдэхүүн маягаар бэлтгэн борлуулж заншаагүй. Тэгвэл зах зээл өргөжин хөгжиж буй өнөө үед эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц өсч байгааг олж харсан нэгэн гэр бүл ингэний сүүн бүтээгдэхүүнийг орон нутгийн брэнд болгохоор ажиллаж байгаа нь энэ юм.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Их халбаганат” ХХК бизнесийн гараагаа 2002 онд жижиглэн худалдаа эрхэлснээр эхэлж, улмаар 2007 оноос талх нарийн боов, 2009 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Тус компанийнхан 2010 оноос хойш ингэний сүүгээр хоормог, ааруул, аарц, молоко, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Дээрх бүтээгдэхүүнээ бэлгийн багц болгон худалдаанд гаргасан нь орон нутагт шинэлэг ажил үйлчилгээ болсон төдийгүй Баянхонгорын брэнд болоод амжсан. Багцад ингэний хоормог, ааруул, молоко, дарс, шимийн архи, сабали, маяландарли жигнэмэг ордог. Хоёр төрлийн жигнэмэг нь швейцар технологиор, ингэний сүүгээр зуурч хийдгээрээ онцлог. Багцын бүтээгдэхүүнээ орон нутагтаа нийлүүлэхээс гадна Улаанбаатар хот руу захиалгаар нийлүүлдэг аж.
Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодид зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн хүний бие махбодиос гадагшлуулах үйлчилгээтэй. Иймээс хорт утаа, архины хорны эсрэг одоогийн нөхцөлд ингэний сүү хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг мэргэжилтнүүд хэлж буй юм. Мөн элэг, цөс болон ходоодны архаг эмгэгийн vед эмчилгээний чухал ач холбогдолтой болохыг судалгааны үр дүнгүүд нотолж байна.
Сонирхуулахад, "Их халбаганат" ХХК ирэх хавраас ингэний сүүн жигнэмэгний цуглуулга, десертний цуглуулгыг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.