АРХАНГАЙ: Булган сумын ойд цэвэрлэгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган,
2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн анги, Булган сумын ЗДТГ, “Нөхөрлөлүүдийн холбоо” ТББ, Лондоны амьтан
судлалын нийгэмлэгтэй хамтран 2019 оноос хойш Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай
хамгаалалттай газрын ойн санд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ирсэн.
2017 оны ой зохион байгуулалтын ажлын дүнгээс үзэхэд аймгийн хэмжээд 94.0 мян.га талбайд ойн түймэрт шатсан, хортон шавжид идэгдэж, ургах чадваргүй болсон 4.1 сая шоометр модны нөөцтэй гэсэн судалгаа бий.
Ойд цэвэрлэгээ хийснээр түймрийн аюулыг бууруулах, хөнөөлт шавж хэт олшрохоос урьдчилан сэргийлэх, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, зориудаар ойжуулалт хийх талбайг бий болгох ач холбогдолтой.
Ойн анги, Булган сумын байгль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран цэвэрлэгээ хийхээр Булган сумын Баянбулаг багийн Олон нүүр хэмээх газрын ойн санг сонгон тусгаарлаж, тэмдэгжүүлэлтийг хийгээд байна.
Өнөөдрийн байдлаар 7 нөхөрлөлийн 30 гаруй гишүүд 10 автомашин, техник ашиглан ойн цэвэрлэгээний ажилд оролцож байна.
Ойн нөхөрлөлүүдийн
бэлтгэсэн цэвэрлэгээний модыг 01 дүгээр сарын 18-20-ны
өдрүүдэд аймгийн төвийн иргэдэд галын түлээ хэлбэрээр хөнгөлөлтэй үнээр нийлүүлэх юм.
Ойгоос мод бэлтгэх
технологийн горимыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй аюулгүй байдлыг хангуулах
зорилгоор Ойн ангийн инженер, байгаль хамгаалагчид ойн цэвэрлэгээний ажилд
хяналт тавин ажиллаж байна.