ХОВД: Хүн амын 34.2 хувийг залуус эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүн амын 34.2 хувь нь 15-34 насны залуус юм.
Мөн хөдөлмөрийн насны хүн амын 50.04 хувийг өсвөр, залуу үеийнхэн эзэлдэг.
Залуу үеийнхнийг дэмжих, хөгжил, оролцоог нь сайжруулах зорилтын дагуу 18 хүний бүрэлдэхүүнтэй "Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл"-ийг байгуулсан юм.
Тус салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны үеэр залуусын эрүүл мэнд, тулгамдаж буй зүйлс, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн төлөв байдал зэрэг таван асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Тус зөвлөл нь өнгөрсөн онд 13 чиглэл бүхий төлөвлөгөөт ажлыг амжилттай зохион байгуулж, 12 мянга гаруй залууст хүрч ажиллажээ.
Энэ онд шинээр 10 ажил зохион байгуулахаар урьдчилсан төлөвлөгөө гаргасан байна.