БАЯН-ӨЛГИЙ: Иргэдийн спортын бүсийн наадам Алтанцөгц суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-22 12:33:30

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, олон нийтэд спортыг сурталчлах, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Баян-Өлгий аймгийн сумдыг гурван бүсэд хувааж "Иргэдийн спортын наадам" зохион байгуулна.  


Нэгдүгээр бүс буюу Алтанцөгц, Дэлүүн, Булган, Баяннуур, Бугат, Толбо сумын бүсийн спортын наадмыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Алтанцөгц суманд зохион байгуулахаар болжээ.


Спортын наадамд сум тус бүрээс шалгарсан 19 ба түүнээс дээш настай иргэд оролцох ба сагсан бөмбөг, волейбол, олс таталт, ширээний теннис, гар барилдаан, үндэсний бөх зэрэг спортын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.


Харин хоёрдугаар бүсийн (Ногооннуур, Сагсай, Алтай, Буянт, Цагааннуур, Цэнгэл, Улаанхус сум) иргэдийн спортын наадам Ногооннуур суманд болох ба хугацаа нь хараахан тодорхой болоогүй. Гуравдугаар бүс буюу Өлгий сумын иргэдийн спортын наадмыг тусад нь зохион байгуулна.


Хамгийн сүүлд нь бүс тус бүрээс эхний байранд шалгарсан баг тамирчдыг нэгтгэн шигшээ тэмцээн явуулах ажээ. 

関連ニュース