БАЯН-ӨЛГИЙ: Хаг нуур, Хөхийн ууланд аргаль идээшин нутаглах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-25 14:10:43

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас өнгөрсөн оны сүүлээр Монгол, ОХУ-ын хил дагуух бүс нутгууд дахь Алтайн аргалийн тооллогыг хийсэн байна.


2021 оны тооллогоор Алтай таван богд болон Сийлхэмийн нурууны байгалийн цогцолбор газрын "А", "Б" хэсэг, түүний орчны бүс нутагт 2191 толгой аргаль тоолж байжээ. Харин энэ удаагийн тооллогоор 2477 тооны аргаль тоолж 286 бодгалиар өссөн нь тогтоогдсон байна. Тухайлбал, Улаанхус сумын Хүрэнхайрхан хэмээх газарт 2013-2015 оны тооллогоор 100 гаруй аргаль тоолж байсан бол 2023 онд 673 болж өсжээ. Энэ нь Улаанхус сумын ЗДТГ-тай хамтран тухайн бүс нутагт жил болгон амьтдад зориулж өвс, давс тавьж биотехникийн арга хэмжээ авсны үр дүн юм гэж судлаачид үзсэн байна.


Судалгааны дүнгээс харахад, аргалийн сүргийн бүтцийн 58 хувийг хомь, 28 хувийг угалз, 12 хувийг хурга, 2 хувийг төлөг эзэлж байгаа аж.


Түүнчлэн 2023 оны судалгаагаар, тус аймгийн Хаг нуур, Хөхийн уул хэмээх газарт аргаль шинээр бүртгэгдсэн нь аливаа амьтан тоо толгой нь өсөхийн хэрээр тархац нутгаа тэлдэгтэй холбоотой ажээ. 

関連ニュース