СЭЛЭНГЭ: Газар тариалангийн үйлдвэрлэлд бас нэгэн түүхэн амжилтын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-26 07:57:41

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2023 оны газар тариалангийн салбарын ололт амжилтаа дүгнэж, шилдгүүдээ шагнаж урамшууллаа.


Баярын үйл ажиллагааны нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “2023 онд байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын явцад хүндрэл бэрхшээлтэй байсан ч тариаланчид өөрсдийн мэдлэг, туршлагадаа тулгуурлан, техникийн хүчин чадлыг зүй зохистой хуваарилан үр тариа 142.2 мянган га талбайгаас 198.4 мянган тонн, тосны ургамал 55 мянган га талбайгаас 26 мянган тонн, тэжээлийн ургамал 14.3 мянган га талбайгаас 24.4 мянган тонн, төмс 20.6 мянган га-гаас 32.7 мянган тонн, хүнсний ногоо 4.9 мянган га талбайгаас 83.6 мянган тонныг тус тус хураан авлаа.



Манай газар тариалангийн салбарынхан 64 жилийн хугацаанд 4 удаа их ургац буюу нэгж га талбайгаас 16 цн ургац хураан авч, нийт 9.3 сая тонн үр тариа, 1.2 сая тонн төмс, 869 сая тонн хүнсний ногоо хураан авсан бас нэгэн түүхэн амжилтын эзэд боллоо.  



Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэх байр сууриа хэвээр хадгалж, 2023 онд улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 44 хувь, төмсний 20 хувь, хүнсний ногооны 40 хувийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо.


Мөн баярын үеэр Сэлэнгэ аймгийн тариаланчид, ногоочдод хандаж илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр уншиж танилцууллаа.


Газар тариалангийн үйлдвэрлэлийн амжилтаараа га-гаас хамгийн арвин ургацыг хураан авсан амжилтаар Сант сум, 8399 га талбайгаас 17126.3 цн улаан буудай хураан авсан амжилтаар Ерөө сум, Баруунбүрэн сум шилдгээр шалгарлаа.


Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, сумдын Засаг дарга нар, агрономичид, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

関連ニュース