ХОВД: Аварга малчдын шагналыг сумын Соёлын төвд нэгдсэн байдлаар гардуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-01 11:35:17

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хөдөөгийн долоон суманд ажиллаж, шинээр аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, алдарт уяач цолны болзол хангасан нэр бүхий иргэдэд хүндэтгэл илэрхийллээ.


Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, уяач, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулж, шагнадаг уламжлалтай.


Энэ жил аймгийн Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан байна.

Харин аймгийн аварга малчин өрхөөр 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан юм.

Мөн нэр бүхий 14 уяачид энэ жил  аймгийн Алдарт уяач цол шинээр олгохоор шийдвэрлэсэн.



Энэ хүрээнд ажлын баг томилж, нэгдүгээр сарын 27-29-ний өдөр Мөст, Алтай, Булган, Үенч, Цэцэг, Зэрэг, Манхан сумаас шалгарсан аварга малчин, саальчин, тариаланч болон алдарт уяачид шагнал гардуулж, хүндэтгэл илэрхийллээ.


Өмнөх жилүүдэд аймгийн аваргуудын шагналыг гэрт нь очиж гардуулж байсан бол энэ жил сумын Соёлын төвд нэгдсэн байдлаар өгснөөрөө онцлогтой.


Ингэснээр цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна төр нь аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, алдарт уяачдаа хүндэтгэсэн шинэлэг ёслол боллоо гэж иргэд онцлов.  

Шинэ аваргуудад хүндэтгэл илэрхийлэх ёслол хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн шинэчилсэн хуваарийн дагуу үргэлжилнэ.   

関連ニュース