СҮХБААТАР: Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр олон эерэг үр дүн гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна олон улсын
байгууллагын хөрөнгийг татах, гадны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд илүү анхаарч, тодорхой зохион байгуулалттайгаар ажилладаг. Үүний үр дүнд нийгмийн бүхий л салбарт эерэг үр дүн, өөрчлөлтүүд гарч байгааг тодотгож байна.
Тухайлбал, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн үнэлгээний менежментийг боловсронгуй болгох буюу Адапт төсөл 2021 оноос хойш бүх суманд хэрэгжиж байгаа. Уг төсөл нь хөдөөгийн иргэд, малчид руу чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг. Инженерийн хийцтэй бэлчээрийн худаг гаргах, өвсний агуулах шинээр барих, засварлах, булаг шандны эхийг болон отрын бүс нутгийг хашиж хамгаалах, татмын ой байгуулах зэрэг ажлыг өнгөрсөн онд хийжээ. Төслийн байгууллагаас үндсэн үйл ажиллагааныхаа 70 хувийг, үлдсэн 30 хувийг орон нутаг санхүүжүүлдэг. 2023 онд 316 сая төгрөгийг дээрх ажилд зарцуулсан байна. Төсөл 2028 он хүртэл үргэлжилнэ.
Үр дүнтэй хэрэгжиж буй дараагийн төсөл бол “Дорнод Монголын хуурай
хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт суманд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 1,1 тэрбум төгрөгөөр 38 ажлыг өнгөрсөн хугацаанд хийжээ. Тухайлбал, Түмэнцогт сумын Хар ямаатын уулыг хамгаалах, байгалийн унаган
төрхийг нь хадгалах, хээрийн ан амьтдын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг байгаль хамгаалагчид болон иргэдэд түшиглэн хийж байна.
Сүхбаатар аймаг Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн багтай жил бүр хамтран ажилладаг. Нийгмийн хамгааллын салбарын барилга байгууламжийг
засварлах, өргөтгөх, шинээр барих чиглэлд хамтран ажилладаг бөгөөд 2022 онд Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийг 800 орчим сая төгрөгөөр бүрэн засварлаж, 2023 онд Уулбаян сумын сургуулийн барилгад 780 сая төгрөгийн өртгөөр засварлажээ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран ажиллаж 1,7
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Хамгийн
сүүлд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд эх нярайн тасагт ханын хүчилтөрөгчийн систем суурилуулж, хоёрдугаар сургуулийн ариун цэврийн байгууламжийг
шинэчилсэн. Мөн нэгдсэн дотуур байрны хүүхдүүдийг ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах үүднээс зөөлөн эдлэл, ширээ сандлаар хангаж, хүүхэд хөгжлийн өрөөг байгуулж өгчээ. Энэ онд эмнэлгийн аюултай хог хаягдлыг боловсруулах
бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар
бэлтгэл ажилдаа оржээ.
ДЭМБ, Глобал сан зэрэг олон усын байгууллагын
дэмжлэгтэйгээр нийт иргэдийг хамарсан эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор алдслагдсан бүсэд байгаа иргэд, ЭМТ-үүдэд зориулсан эрүүл мэндийн анхны тусламжийн багцаар хангах 26 сая төгрөгийн дэмжлэгийг авч чаджээ.
Энэ мэт зөвхөн төсвийн мөнгийг хараад суух биш, гадны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтуудыг татаж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, хүн амын амьдралын түвшнийг дээшлүүлэх үндсэн зорилгоо биелүүсээр байгаа тухайгаа аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцууллаа.