БАЯНХОНГОР: Эмч мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд туршлага судлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-07 15:17:28

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар аймгийн эмч мэргэжилтнүүдийг гадаад оронд урт болон богино хугацаагаар дадлагажуулан сургах, эмчилгээ оношилгооны шинэ техник технологитой танилцуулах ажлыг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд эхний ээлжинд Өргөө амаржих газар ТМЭ /төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг/-ийн сургалтын гадаад харилцааны шугамаар Баянхонгор аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Алтанхуяг мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр Тайванийн КАТЕЙ (Cathay Generel Hospital), Алс дорнодын эмнэлэгт (Far Eastern Memorial Hospital) өөрийн үндсэн мэргэжил болон дурангийн мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны чиглэлээр суралцсан байна.


Энэхүү сургалтын хөтөлбөрийг санаачлагч нь Баянхонгор аймгийн уугуул, Өргөө ТМЭ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Монгол Улсын Гавьяат эмч, доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу бөгөөд цаашид үргэлжлүүлэн 2024-2025 онд Баянхонгор аймгаас Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээс гадна бусад мэргэжлийн эмч нарыг Азийн өндөр хөгжилтэй орнуудад сургахаар болжээ. 



Өргөө ТМЭ нь сүүлийн 20 жилд ОХУ, Франц, Тайвань, Австрали, БНСУ, Тайланд, Япон улстай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтран, эмч мэргэжилтнүүд солилцох, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах, профессор өндөр мэргэшлийн эмч нарын лекц уншуулах, дадлага сургалт хийх зэрэг олон ажлыг хамтран гүйцэтгэж байгаа гадаад харилцааны арвин баялаг түүхтэй. Мөн тухайн улс орнуудад суралцуулахын зэрэгцээ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийг гадаадын их сургуулийн эмнэлгүүдүүдтэй эмч мэргэжилтэн солилцох гэрээ байгуулах зорилготой аж.

関連ニュース