ДАРХАН-УУЛ: “Эко ноос” ХХК-ийн амины орон сууц нь дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-14 17:19:17

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар "Эко Вүүл Хаус ХХК" эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууц барилгын төслийн загвар байрыг танилцуулж байна.




“Эко ноос” ХХК нь уг байшинг модон арагт дулааны алдагдал багатай Канад барилгын технологиор бүтээсэн аж. Мөн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол хонины ноос ашигласан бүтээсэн барилгын дулаалгын материалыг ашиглажээ.




Дулаан алдагдал багатай, эрчим хүчний 61 хувийн хэмнэлттэй барилгыг Дархан хотод худалдахад бэлэн болсон аж.

Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн иргэдэд нээлттэй үзүүлэх загварын байшинг Найрамдал талбайд байрлуулжээ.




Монгол хонины ноосон дулаалгын давуу тал нь химийн бодис агуулаагүй, дулаан тусгаарлах чадвар харьцангуй өндөр, дуу чимээ тусгаарлалт сайн, гал дэмждэггүй, хортон шавжийн хамгаалалттай эко бүтээгдэхүүн гэж тус компанийн удирдлагууд танилцууллаа.




Эрчим хүчний хэмнэлттэй уг байшингийн давуу тал нь богино хугацаанд дөрвөн улирлын хэдийд ч барьж угсрах боломжтой, орчин үеийн интерьерийн шийдэлтэй, дулаалгын хийц шийдлийг зөв төлөвлөж, дулаан алдагдах бүхий л боломжийг хязгаарласан, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын ерөнхий системтэй ажээ.




Худалдан авч буй иргэдэд зориулан хэрэгцээт тавилга, цахилгаан хэрэгслүүдийг багтаасан учраас хувийн эд зүйлсээ авч нүүж ороход бэлэн гэдгийг онцоллоо.

関連ニュース