БАЯН-ӨЛГИЙ: “ХурДан” цэг дээр машины өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-12 17:01:00

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь төрийн үйлчилгээний “ХурДан” цэгүүдээс өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой боллоо.


Өмнө нь иргэд шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа, эсвэл өмчлөлдөө байгаа машинаа худалдахдаа аймгийн Авто тээврийн төв дээр очиж өмчлөх эрх шилжүүлдэг байсан.


Төр засгаас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүнд суртлыг арилгах бодлогын хүрээнд тухайн үйлчилгээг цахимд шилжүүлснээр иргэд ийнхүү цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдэж байна.


Цаашид хүмүүс тээврийн хэрэгслээ өөр хүний нэр дээр шилжүүлэхдээ нотариат орж худалдах-худалдан авах гэрээгээ баталгаажуулах шаардлагагүй болсон бөгөөд "ХурДан" цэг дээр цахим гэрээ байгуулна. Мөн торгууль, татвараа ч тухайн газраас төлөх боломжтой.


Гэхдээ "ХурДан" цэгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжүүлэх үйлчилгээ авах иргэд тоон гарын үсэгтэй, Баян-Өлгий аймагт оршин суух бүртгэлтэй байх ёстой. Харин тоон гарын үсэг хараахан авч амжаагүй иргэдэд мөн тухайн газраас тоон гарын үсэг олгоно.


Ташрамд, Өлгий хотод аймгийн Авто тээврийн төв, Өлгий сумын ЗДТГ болон Төрийн үйлчилгээний цогцолбор гэсэн гурван байршилд  "ХурДан" цэг иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

関連ニュース