БАЯН-ӨЛГИЙ: "Тоорил хаан" жүжгийг театрын тайзнаа казах хэлээр амилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Хэрэйдийн ханлигийн хан Тоорил ван ханы тухай "Тоорил хаан" түүхэн эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд театрын тайзнаа казах хэлээр амилуулна.
Тус жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран өнгөрсөн оны 12 дугаар сарын 22, 23, 24-ний өдөр монгол хэлээр анх тавьж байсан.
Жүжгийн зохиолыг Ардын уран зохиолч Т.Султан бичсэн. Харин жүжгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ж.Нурбек, зөвлөх продюсероор УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсероор Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар ажиллаж байгаа юм.
Түүнчлэн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, СТА М.Батболд, зөвлөх найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Т.Тайф, бүжиг дэглээчээр У.Эрдэнэбаяр, хөдөлгөөний найруулагчаар УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч Д.Энхбаатар, тайзны зураачаар Х. Дастан, хөгжмийн зохиолчоор Н.Сэцэн нар ажиллаж байна.
Драмын жүжгийн Тоорил ханы дүрийг Соёлын тэргүүний ажилтан М.Ертай, Тэмүүжиний дүрийг Ш.Жанарыс, Сэнгүмийн
дүрийг Х.Нурлан, Жамухын дүрийг К.Танатар, Өүлүн эхийн дүрийг С.Лайла, Аймалжин хатны дүрийг Х.Сулушаш, Зөнч өвгөний
дүрийг А.Ханат, Онгодын дүрийг Ө.Жанкелди, Бөртэ хатны дүрийг Ж.Сайгүлик нар
тус тус бүтээнэ.