СҮХБААТАР: Боксын тамирчид анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-19 18:02:54

Баруун-Урт 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн боксын өсвөрийн баг тамирчид анх удаа олон улсын нээлттэй тэмцээнээс медаль хүртлээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Казакстан улсын Дорнод мужийн Өскемен хотын аварга шалгаруулах болон Алмата хотноо болсон нээлттэй тэмцээнд оролцсон тамирчид бүгд хос медаль хүртжээ.



10 мянга гаруй километр замыг туулж, амжилт дүүрэн ирсэн багтамирчдыг нутгийн иргэд, сургууль, ангийн хамт олон, ар гэрийнхэн нь их жанжныхаа талбайд хүлээн авч, хүндэтгэл илэрхийлсэн юм. Тамирчдын хувьд бүгд нэг, түүнээс дээш жил уг спортоор хичээллэж байгаа бөгөөд олон улсын тэмцээнд оролцож, гадаадын тамирчидтай хүч үзэн өрсөлдөх нь онцлог байсан гэдгийг хэлж байлаа.



Орон нутгаас баг тамирчид олон улсын тэмцээнд оролцсон, мөн хос медаль хүртсэн нь анхдагч учир Сүхбаатар аймгийн боксын спортын түүхэнд гарч буй том амжилт, өөрчлөлт юм гэдгийг дасгалжуулагч багш, ОУХМ М.Мөнхжаргал хэллээ.


Тэрбээр орон нутагт олон жил орхигдоод байсан боксын спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудыг сургах зорилгоор нутагтаа ирж, клуб хичээллүүлж байгаа билээ.

 

関連ニュース