ӨМНӨГОВЬ: Говьд дэвшилтэт технологид суурилсан ухаалаг газар тариаланг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-19 14:11:23

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. "Ухаалаг газар тариаланг хөгжүүлэх нь-2024" зөвлөгөөнийг Даланзадгад суманд энэ сарын 16-17-нд зохион байгуулж, газар тариалан эрхлэгч ААНБ, иргэдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо. 


Ухаалаг газар тариалан нь хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ашиглах зориулалттай нэгж талбарын мэдээллийг тариаланч болон тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ААН-ээс бүрдүүлж, тариалалттай холбоотой мэдээлэл болон өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдлүүдийг нэгтгэн цуглуулж, тухайн өгөгдөл дээр үндэслэн нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд тодорхойлох, таамаглах, эрсдэлээс хамгаалах арга зүйг боловсруулах мэдээллийн систем юм.




Говийн бүсэд ухаалаг газар тариалан хөгжүүлэхэд судалгаа шинжилгээ, хөрөнгө санхүү, боловсон хүчин зэрэг олон зүйл дутагдалтай байгаа юм.


Тиймээс Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан хүний нөөц бүрдүүлэх зорилгоор газар тариалан эрхлэгч залуусыг Япон болон БНСУ-д тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулах ажлыг эхлүүлээд байна.


Даланзадгад суманд зохион байгуулсан тус зөвлөгөөнөөр ХААИС, БНСУ-ын "Сид саранг" үрийн компанийн мэргэжилтнүүдтэй хамтран “Хөдөө аж ахуйн газар тариалангийн өнөөгийн байдлын чиг хандлага”, “Говийн бүсэд ухаалаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх боломж”, “Бөөрөнхий сонгины үрийн үр үржүүлэг” зэрэг сэдвээр сургалт явуулжээ.


Мөн агропарк хүлэмжийн цогцолборт бөөрөнхий сонгины үр суулгах талбайн дадлага ажлыг оролцогчидтой хамтран зохион байгуулжээ.

 

Манай улс бөөрөнхий сонгины үрийг гаднаас импортоор авдаг. Тэгвэл говийн дулаан уур амьсгалтай бүс нутагт үрсэлгээг амжилттай хийвэл тариалалтын үрээ өөрсдөө бэлтгэх бүрэн боломжоор хангагдах юм.


Өмнөговь аймагт 700 гаруй иргэн, 33 аж ахуй нэгж байгууллага газар тариалан эрхэлж байна.

 

БНСУ-ын “Seeds and people” компанийн ерөнхийлөгч Парк Тэ-Хон:


-Монголын нөхцөлд тохирсон бөөрөнхий сонгинын сортуудын үрийг үржүүлэх судалгааны ажлуудыг Өмнөговь аймагт эхлүүлээд байна. Энэ судалгааны хүрээнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг бид Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Учир нь нэг сорт гаргаж авахад хэдэн арван жил зарцуулж,  уйгагүй их хөдөлмөр шаарддаг. Тиймээс залуу боловсон хүчнийг бэлтгэх нь зайлшгүй хэрэгтэй.

Хойшид ч тухайн бүс нутгийн тариаланчид үрсэлгээгээ өөрсдөө тариалаад, бэлтгээд авах мэдлэг чадвараар бүрэн боломжтой болох юм.

 

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд:

-Бид Япон болон БНУС-тай хамтран нарийн мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулах, цаашлаад хүний нөөц бэлтгэх, ХААИС-д агрономич бэлтгэх, Япон улсад жимсний модны чиглэл болон бусад төрлүүд дээр тэтгэлэгт хөтөлбөрт бодлогоор залуучуудыг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Говь нутагт газар тариалан эрхлэхэд бэрхшээлтэй байдаг. Тиймээс бид сүүлийн үеийн газар тариалангийн шинэ технологи, техникийн дэвшлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хийсээр байна. 

関連ニュース