А.Хангалмаа: Асуудлыг бүрэн шийдвэрлэж ажиллах нь бидний зорилго байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-07 10:40:05
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Хангалмаатай ярилцлаа.


-Монгол Улсын хамгийн олон хүн амтай сумын нэг бол Баян-Өндөр юм. Хүн амын нягтаршил ихтэй төвлөрсөн газарт иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь танай зөвлөлийн үүрэг. Хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал?

-Сумын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэж ажилладаг. Манай зөвлөл 2022-2023 онд Нэг нийгмийн ажилтан нэг кейс аяныг зохион байгуулсан. Багийн болон сургуулийн нийгмийн ажилтнууд нийт 50 кейсийг сонгож түүнийг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажилласан. Энэ хугацаанд 25 асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. Мөн 7 өрхөд гэр олгож, 3 өрхийн амьдрах нөхцөлийг сайжруулж, 19 иргэнийг архинаас гаргах эмчилгээнд хамруулж, 15 иргэнийг архины хамааралгүй болгосон. Түүнчлэн, сургууль, цэцэрлэг завсардсан 44 хүүхдийг боловсролын байгууллагад нь хамруулж, нэг ахмадыг “Ахмадын асрамжийн газарт” хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 92 хүнд үзүүлж, 101 иргэнд хоол, хүнсний тусламжид хамруулж, 37 иргэнийг ажлын байртай болгосон. Мөн 9 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулж, 2 иргэнд газрын гэрчилгээ авахад нь тусалж, 12 иргэнийг бичиг баримттай болгосон. Эдгээр асуудлыг сургуулийн болон нийгмийн ажилтнууд эхлээд судалж үзээд шийдвэрлэхэд нь тулгамдаж буй асуудлыг манай зөвлөлтэй хамтран шийдвэрлэсэн юм. Эхний төсөөлж байсан үр дүнгээс ч илүү гарсанд аяны зорилго биелж байна.


-Гэр бүлийн болон үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлт нийгэмд олон гарч байна. Үүнийг багасгахын тулд ямар ажил санаачилж ажиллаж байна вэ?

-Бид 2022 оноос “Далд хүчирхийллийг ил болгоё” уриатай Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Эхлээд хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг бүх насныханд зөв ойлгуулах хэрэгцээ гарсан. Иймд 2022 онд хүүхдүүдэд чиглэсэн нөлөөллийн ажил хэрэгжүүлсэн. 2023 онд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулж гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх талаар хууль, эрхзүйн мэдлэг олгох зорилготой сургалт явуулсан.

Харин энэ онд төрийн 5 байгууллагын 560 гаруй албан хаагчид зориулж сэтгэлзүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

 

-Энэ сургалтад хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл хэр байна вэ, тэд ямар асуудлыг төр, олон нийтийн байгууллагаас шийдвэрлээсэй гэж хүсэж байна?

-Нийгмийн бухимдлаас гадна ажлын байрны стресс их байна гэж хүмүүс хэлж байсан. Ажил дээрээ бухимдчихаад гэртээ очингуутаа бухимдлаа гаргачихдаг гэж хэлж байна. Иймд ажлын байран дах стресс, хамт олны дундах харилцааг өөрчлөхөд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах нь үр дүнтэй гэсэн санал гарсан. Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учир заримдаа уур амьсгал муу, харилцаа таарамжгүй зүйлийг удаан тэвчиж ажиллахад хувь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, цаашлаад гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж байгааг хэлж байна. Тиймээс бид сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг аль болох ажлын байран дээр нь хийх нь зүйтэй гэж дүгнэсэн. 


-Орхон аймагт хүүхэд өртсөн авто замын осол, гэмтэл буурахгүй байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Хүүхдүүдэд авто замын хөдөлгөөн болон явган зорчигчийн дүрмийг сайн таниулах, мэдүүлэх, дадуулах хэрэгтэй байдаг. Гэхдээ зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг, эхчүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд бол томчуудын тусгал. Томчууд гарцаар гарахгүй бол хүүхдүүд ч гарцаар гарахгүй. Авто замын осолд өртсөн хүүхэд, томчуудын дийлэнх нь явган хүний гарцаар гараагүй үедээ гэмтсэн байдаг. Иймд сургуулийн захирал, нийгмийн ажилтантай Цагдаагийн байгууллага болон манай байгууллага байнга хамтарч ажилладаг. Замын цагдаагийн ажилтан сургууль, цэцэрлэгүүдэд сургалт орохоос гадна эцэг, эхчүүдэд зориулж байнга л мэдээлэл өгдөг. Хамгийн гол нь хүмүүс үүнийгээ хэрэгжүүлэх дадлыг өөртөө бий болгох хэрэгтэй санагддаг. Манай байгууллагаас 26 сургууль 30 цэцэрлэгт “School police” хийхэд зориулж хантааз, гэрэлт дохиурыг өгсөн.

-Ярилцсанд баярлалаа.

 

関連ニュース