ДУНДГОВЬ: Үндэсний бичиг үсгийн баярыг угтсан уралдаанд оролцогчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-20 17:37:13
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар монгол бичгээ төгс эзэмшсэн өв тээгчдийг алдаршуулах ёслолыг Мандалговь хотод зохион байгуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Дундговь аймгийн хэмжээнд монгол бичгээр унших, бичих чадварыг сорьсон олон тэмцээн зохион байгуулж, 15 сумаас 1943 оролцогч мэдлэг, чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцогчдын тоо 2023 оныхтой харьцуулахад нэмэгдсэн байна. 


Тодруулбал, Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулиас  “Бийрийн хэлхээ-2024” уран бичлэгийн уралдаан” зохион байгуулж, 7-12 дугаар ангийн 55 суралцагч оролцсон бол Сайнцагаан сумын хэлний бодлогын салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Тэргүүний уншигч” шалгаруулах уралдаан явуулж, 9 сургуулийн  49 суралцагч оролцжээ.


Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Их сорилго” уралдаанд 142, “Төрийн албан хаагчдын цахим бичвэр” уралдаанд 63 төрийн албан хаагч оролцож, монгол бичгийн мэдлэг, чадвараа сорьсон байна.


Харин иргэдийн дунд зохион байгуулсан “Үндэсний бичгийн тээгч, түгээгч” үйл ажиллагаанд 9 сумаас шалгарсан 18 иргэн оролцсон бол 7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан анги нийтийн олимпиадад 19 сургуулийн 31 бүлгийн 709 суралцагч, 11 дүгээр ангийн 18 бүлгийн 457 суралцагч оролцжээ. 











関連ニュース