Ховдын хүчтэнүүд финалд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-22 08:54:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээд шалгарсан Ховд-Говьсүмбэр аймгийн баг хоорондоо таарч барилдлаа.


Уг барилдаанд улсын аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий гэсэн “Их гурвал”-аар манлайлуулсан Ховдын баг өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялснаар финалд шалгарав. Ховдын багаас улсын аварга О.Хангай тав, заан Б.Бат-Өлзий дөрөв, заан Б.Пүрэвсайхан, харцага Г.Ганхуяг, аймгийн арслан У.Батцоож нар хоёр, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, Ц.Төмөрцоож нэг давсан байна.


Тэгвэл Говьсүмбэрээс аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Намнансүрэн нар хоёр, аймгийн арслан Б.Үүрцайх, М.Эрхэмбаяр нар нэг давжээ.


Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Харин Ховд аймгийн баг өнгөрсөн жилийн цомын аварга Архангайтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас Алтан медаль буюу “Алтан цом-ын төлөө өрсөлдөнө.

関連ニュース